menu
person

1:41 PM
Оюутнуудын тамхины хэрэглээ, дам тамхидалт, тамхины хор уршгийн талаар мэдлэг хандлагыг үнэлсэн дүнгээс


Оюутнуудын тамхины хэрэглээ, дам тамхидалт, тамхины хор уршгийн талаар мэдлэг хандлагыг үнэлсэн дүнгээс


Г.Энхжаргал1, Б.Гандолгор 2,  Д.Содгайхамшигмаа 2
1 НЭМС-ийн УСАУ-н тэнхимийн багш, 1НЭМС-ийн НЭМ-ийн 401 оюутан,
Үндэслэл
Хөгжиж байгаа орнуудад залуучуудын дундах тамхидалт нэмэгдэж, тамхинаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхий нийтийн хэмжээнд хүн амын дунд халдварт бус өвчлөл, ялангуяа зүрх судасны тогтолцооны болон хавдарын өвчлөл зонхилж байгаа бөгөөд өвчлөлд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлд тамхидалт орж, тамхины хэрэглээг бууруулах, дам тамхидалтын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад ажил өрнөж байна. Ихэнхи тамхичид 18 наснаас доош насандаа тамхи татаж эхэлдэг ба бага залуу наснаасаа тамхи татаж эхэлснээр уушигны хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг. Тамхидалтын улмаас залуучуудын дунд амьсгалын замын өвчлөл, насанд хүрэгчидын дунд зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна. ДЭМБ-ын тооцоолсноор тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол 7 жилээр дутуу насалдаг байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан нас баралт даралт ихсэх өвчний улмаас нас барж байна.
Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4 сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутанд 6 хүн үхэж байна. Энэ тоо  2030 он гэхэд 2 дахин өсөж 10 сая хүрэх тооцоо байна. Тамхинаас үүдэлтэй нас баралтын 70% нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна(ДЭМБ).
Тамхины хэрэглээний талаар олон судалгаа хийгдэж, тамхидалтыг бууруулах, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр улс орнуудад хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд ДЭМБ жил бүрийн 5 дугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлатай болсон.  Монгол улсад хийгдсэн судалгааны дүнгээр  нийт хүн амын 45% нь тамхи татдаг үүнээс 65% нь эрэгтэйчүүд, 20% нь эмэгтэйчүүд байна (2002 он АДРА олон улсын байгууллагын судалгаа). Мөн 2007хийгдсэн "Дэлхийн тамхины хэрэглээний тандалтын тогтолцоо-Монгол” судалгаагаар  нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын тамхи таталтын байдал 19.8%, эрүүл мэндийн мэргэжилийн сургуулийн оюутнуудын 10 оюутан тутмын 4 нь тамхи татаж байгаа дүн гарсан байна. / Эрүүл мэндийн мэргэжилийн сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээний хор уршигийн талаар зөвлөгөө өгөх чадварын талаарх ДЭМБ-с боловсруулсан судалгааны нэгдсэн арга зүйн хүрээнд монгол улсын эрүүл мэндийн мэргэжилийн сургуулийн оюутнуудын дундах тамхины хэрэглээ, тэдний тамхи, дам тамхидалтын байдал, тамхинд хандах хандлагыг үнэлэх зорилгоор энэ судалгааг явуулав.
Зорилго
НЭМ-ийн мэргэжилийн оюутнуудын дундах тамхины хэрэглээ болон дам тамхидалт, тамхины  талаарх мэдлэг хандлага дадлыг үнэлэх.
Зорилт

  1. ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээний байдлыг тогтоох
  2. Оюутнуудын дам тамхидалтын талаар ойлголт, дам тамхины нөлөөнд өртөж байгаа байдлыг үнэлэх
  3. Тамхины хор уршиг, эрүүл мэндийн нөлөөний талаар оюутнуудын мэдлэг, хандлагыг тогтоох,
  4. Их сургуулийн хэмжээнд тахидалтыг бууруулах, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр санал зөвлөмж  боловсруулах
Судалгааны арга зүй
НЭМ-н сургуулийн оюутнуудын тамхидалтын байдал, дам тамхидалт, тамхины талаарх мэдлэг хандлагыг нэгэн агшны дескриптив судалгааны аргаар хийлээ. Судалгаанд урьдчилан боловсруулсан 3 бүлэг 33 асуулт бүхий асуумжаар асуумж судалгаа авч судалсан болно. Судалгааны материалыг  SPSS-15 программ  ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнд үнэлгээ хийлээ.  
Судалгааны хамрах хүрээ
Судалгаанд ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн НЭМ судлалч, ЭМНА, ЭМЭЗ-ийн ангийн 1-5р курсийн 166 оюутан хамруулж судалгааг явуулав.
Үр дүн
Судалгаанд 1-5р курсын 17-32 насны  166 оюутнууд хамрагдсан бөгөөд хүйсний байдлаар авч үзвэл  эрэгтэй 21.7%, эмэгтэй 77.1% байна.    НЭМС-ийн оюутнуудын тамхидалтын байдлын  судалж үзэхэд  судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 7.8% нь тамхи татаж байна.  Тамхи татдаг оюутнууд өглөө босоод өлөн элгэн дээрээ 61.5%, хоол идсэний дараа 23.1%, бусад үед  15.4% тамхи татдаг  байна.  Тамхи татдаг оюутнуудын гэр бүлийнхэн, ойр дотныхон  тамхинаас гарах талаар зөвлөдөг эсэхийг судалж үзэхэд  заримдаа 30.8%,  үргэлж 61.5%,  ховор тохиолдолд 7.7% нь тамхинаас гарах талаар зөвлөдөг байна. Тамхи татдаг оюутнууд 100% тамхинаас гарах бодолтой байгаа  дүн гарсан.                                             Дам тамхидалтад өртөж байгаа байдлыг судалж үзэхэд судалгаанд оролцогсодын 87.3 % нь дам тамхидалтын талаар мэднэ гэж хариулсан байна.  Судалгаанд оролцсон ниит оюутнуудын 50.6% нь гэрт болон оюутны байранд тамхи татдаг хүнтэй амьдардаг  байна. Тэдний 29.6% гэр  сууцандаа тамхи татдаг.  Монгол улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль байдаг талаар судалж үзэхэд нийт оюутнуудын 40.4%  энэ талаар хууль байдаг гэж хариулсан байна.
Ихэнх үйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон тэмдэг байдаг 39%, зарим цөөн үйлчилгээний газарт байдаг  54.2%, хориглосон тэмдэг огт байддаггүй гэж 6% нь тус тус хариулсан байна. Судалгаанд оролцогчидын 95.2% тамхины эрүүл мэндэд нөлөөлөх  хор уршигийн талаар мэддэг ба 4.8% нь мэдэхгүй гэж хариулжээ.
Дүгнэлт
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын тамхины хэрэглээ 7.8%-тай, тамхи татдаг оюутнууд тамхинаас гарах хүсэл эрмэлзэлтэй байна. Судалгаанд оролцогчидын 87,3% дам тамхидалтын талаар мэддэг боловч тэдний гэр бүлийнхэн гэртээ (50.6%) тамхи татаж, дам тамхидалтын нөлөөнд өртдөг байна. Цаашдын НЭМ-ийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын дийлэнхи буюу 73% нь  иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллах хандлагатай байгаа боловч Их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр тамхины хор уршиг, эрүүл мэндийн нөлөөний талаар авсан мэдлэгээ хангалтгүй гэж үнэлсэн байна. Цаашид НЭМС-ийн сургалтын хөтөлбөрт тамхи-эрүүл мэнд сэдвээр  болон хууль, эрх зүйн чиглэлээр хичээлийн цагийг нэмэгдүүлэх нь зүйтэй байна. Иймд сургууль, албан байгууллага, гэрийн орчинд дам тамхидалтыг бууруулах, тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр санаачлага өрнүүлж, анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй байна.
Хэлцэмж
Залуучуудын дундах, ялангуяа эрүүл мэндийн мэргэжилийн Их сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээний талаар судалгаа бага хийгдсэн байдаг. Монголд улсад  2007онд  "Дэлхийн тамхины хэрэглээний тандалтын тогтолцоо –Залуучуудын тамхины хэрэглээний байдал”  судалгаагаар Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сурч байгаа оюутан, залуучуудын тамхины хэрэглээ,  тамхидалт 19%-тай байгааг судалсан.  Харин энэхүү судалгааны дүнгээр оюутнуудын тамхины хэрэглээ харьцангуй бага гарсан байна.  Мөн дээрхи судалгаагаар Анагаахын сургуулийн оюутнуудын тамхины хэрэглээ өндөр гарсан байгааг цаашид анхаарч,  ЭМШУИС-ын оюутнуудын дунд тамхидалтыг бууруулах, сургуулийн орчинд тамхигүй орчин бүрдүүлэх, эрүүл сургууль болох санаачлагыг өрнүүлж, тодорхой ажил зохиох шаардлагатай байна. 



Category: Мэдээ | Views: 5691 | Added by: BBN | Rating: 4.2/4
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]